+976 99030456
ДОТООД ГҮНД НЬ ХҮРЭХ ЗАМ.

Рейки гэдэг нь сүнсний энерги буюу амьдралын эрч хүч гэсэн утгатай Япон үг юм. Энэ бол хүн амьтан, байгаль дэлхийн хаана энергийн дутагдал байна түүнийг нөхөж өгдөг арга юм. Энергийн дутагдал нь эрүүл мэнд, хувийн амьдрал, ажил үйлс, амьдран буй байгаль ертөнц гэх мэт амьдралын бүхий л төвшинд илэрдэг бөгөөд Рейкийгээр суралцагч нар ихэвчилэн өөрийн бие махбодид энерги дамжуулж хувийнхаа эрүүл мэнд болон амьдрал ахуйдаа үр дүнг нь үзэж, ач тусыг нь хүртэж байдаг.

МИКАО УСУИ

Рэйки бясалгалын үндэслэгч:

Микао Усуи 1865 оны 8-р сарын 15-нд Японы эртний нийслэл Киото хотоос холгүй Таниай-мура тосгонд төржээ. Тэрбээр сонирхолтой амьдралыг туулсан нэгэн. Тендай-буддизмыг сүсэглэдэг гэр бүлд төрж өсөн, эгч, хоёр ахтай байжээ. Хүүхэд байхдаа Курама буюу орчуулбал “эмээлийн хэлбэртэй уул” гэдэг ууланд орших буддын сүмд шавилан суужээ. Курама уул бол Киото хотоос холгүй оршдог ариун дагшин уул ба тэрнийг Японы “оюун санааны зүрх” гэж үздэг бөгөөд олон янзын шүтээн сахиустай мянга гаран хийдтэй юм. Энэхүү уул нь дорно дахины тулааны урлагаар хичээллэдэг хүмүүсийн хувьд ч ариун дагшин газар бөгөөд уулын сахиус тенгу нар нь самурай нарт байлдах урлагийн нууцыг нээж өгсөн гэсэн домогтой юм. Энд Усуи 12 наснаасаа эхлэн самурайн сэлмээр байлдах урлагт суралцаж 20 насандаа төгс эзэмшсэн байна.Микао Усуи Садако Сузукитэй гэрлэжээ. Тэднийх хоёр хүүхэд – хүү ба охинтой байв. Амьдралдаа олон янзын мэргэжлийг эзэмшиж, төрийн албан хаагч, үйлдвэрлэгч, сэтгүүлч, ялтны харгалзагч, нэртэй улс төрч Симпея Гото (тэр үеийн Японы дотоод явдлын яамны сайд, сүүлд Токио хотын дарга болсон)-гийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Сүүлийн албыг хашиж байхдаа тэрбээр бусад орноор аялах боломжтой байлаа. Хэсэг хугацаанд Усуи буддын лам буюу өөрийн байрь сууртай заике лам болжээ. Доктор Усуи олон зүйлийг сонирхдог, юмыг махруу сурдаг байв. Түүний хөшөөний дурсгалын бичгээс түүнийг хичээнгүй, авъяаслаг оюутан, ном унших дуртай ба анагаах ухаан, сэтгэл зүй, зөн билгийн шинжлэх ухаан, шашин судлалын өргөн мэдлэгтэй байсныг мэдэж болно. Тэрбээр Хятадын уламжлалт болон барууны анагаах ухаан, тооны ухаан ба астрологи, түүнчлэн сэтгэл судлал ба зөн билгийг судалжээ. 1918 оноос Усуи гурван жилийн хугацаанд зэн-буддизмд суралцсан байна. Гэвч доктор Усуиг юу тэгж ийм өргөн хүрээтэй олон төрлийн шинжлэх ухааныг судлахад хүргэсэн бэ? Хүний амьдралын эцсийн зорилго юу болохыг ойлгохыг тэрбээр хүсч байсан юм. Хэсэг хугацааны дараа тэрээр гэгээрч хүний амьдралын туйлын зорилго нь юугаар ч орлуулж болшгүй оюун ухааны бүрэн тайван байдал гэдгийг ойлгосон юм. Нэг л өдөр тэрбээр 21 хоногийн мацаг ба бясалгал хийхээр Курама уул руу авирсан байна. Энэ хугацааны эцэст тэрээр гэнэт зулай дээрээ хүчтэй энергийг мэдэрсэн нь Рэйкийн аргыг бий болоход хөтөлжээ.1922 оны дөрвөн сард Микао Усуи Токио хотын зах Харадзукид өөрийн анхны сургалтын төвөө нээсэн байна. Сургалтанд тэр Рэйкийн зарчим, бясалгал ба эзэн хаан Мэйдзийн яруу найргийн шүлгүүдийг агуулсан авсаархан сурах бичиг ашигладаг байв. Тэрбээр голдуу холоос ирсэн эмчлүүлэгчдийг эмчлэхээс гадна өөрийн мэдлэгээ түгээсэн семинаруудыг явуулдаг байлаа. 1923 оны есөн сард сүйрэл авчирсан Канто гэх газар хөдлөлтийн улмаас Токио хот сүйтжээ. Мянга мянган хүн үхэж, гэмтжээ. Доктор Усуи хохирогчдыг Рэйкийн тусламжтайгаар эмчлэх үйл хэрэгтээ идэвхийлэн оролцсон юм. Тун удалгүй түүний эмнэлэгт эмчлүүлэх хүсэлтэй байгаа бүх хүмүүсийг багтаахад хэт жижиг болсон тул 1925 оны хоёрдугаар сард Наканод шинэ эмнэлэг барьсан байна.Түүний нэр хүнд маш хурдан өсч Япон даяар түгж эхэлжээ. Доктор Усуи хүмүүст өөрийн аргаа зааж улс орноор аялж байв. Нэг л өдөр ийм зорилгоор Фукуяма хотод ирэх үеэр түүний зүрх нь хаагдаж 62 настайдаа нас барсан юм.Микао Усуи Рэйкийн аргыг 2000 гаруй хүнд заасан ба үүнээс 17-г Синпидин буюу багшийн түвшинд хүргэжээ. Тэдний дунд таван буддын гэлэнмаа, дөрвөн усан цэргийн офицер нар байжээ.Доктор Усуи нас барсны дараа түүний хэсэг шавь нар Усуи Рэйки Риохо Гаккай Ассоциаци (байгалийн, жам ёсны аргаар эмчлэх Усуин аргыг судлах ассоциаци)-ийг байгуулав. 1927 оны хоёрдугаар сард Микао Усуин оршуулсан Сайходзи (Токио) сүмд түүний нэр болон үйл хэргийг мөнхжүүлж хөшөөг нь босгожээ. Дурсгалын самбар дээр багшийн амьдрал болон Рэйкийн үүсэл түүхийг өгүүлсэн байдаг. Чуджиро Хайаши нь Рэйкийг түгээх үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн бас нэг хүн юм. Тэрбээр 1878 онд төрсөн бөгөөд цэргийн эмчээр ажиллаж байжээ. 1925 онд 47 насандаа Чуджиро Хайаши доктор Микао Усуигээс Рэйкийн мастерийн ван авжээ. Тэрээр багшийгаа нас барсны дараа түүний үйл хэргийг үргэлжлүүлж, Токиод Рэйкийн эмнэлэг нээсэн байна. 1935 онд яг энэ эмнэлэгт Рэйкийн аргыг баруунд дэлгэрүүлэх үүргийг биелүүлэх хувь заяа оногдсон япон гаралтай америк эмэгтэй Хавайо Таката хэвтсэн билээ. Доктор Чуджиро Хайашигийн Рэйкид оруулсан чухал хувь нэмрийн нэг нь эмчилгээнд хэрэглэж байгаа түүний зохиосон гарын байршлын төрөлжүүлэлт юм.Доктор Хайаши нь оюун санааны өндөр түвшинд хүрсэн хүн байжээ. Японыг АНУ-тай дайтахыг зөн билгээрээ мэдэж усан цэргийн бэлтгэл офицерын хувьд тэр оролцох нь гарцаагүй гэдгээ ойлгож байсан тэрээр ойртож байгаа дайны хүчирхийлэлд татагдахыг хүсээгүй юм. 1940 оны 5-р сарын 10-нд өөр ертөнц рүү явахаар шийдэн найз нөхдөөрөө хүрээлүүлж байгаад ухамсартайгаар өөрийн биеэ орхисон юм.Доктор Хайашиг нас барсны дараа түүний эхнэр Чиа Хайаши Япон дахь түүний үйл хэргийг үргэлжлүүлж харин Хавайо Таката Рэйкийг барууны орнуудад авчирчээ. Хавайо Таката нь 1900 оны 12-р сарын 25-нд Гаваи арлын Ханамаулуд төрсөн байна. Түүний эцэг эх ноён, хатагтай Кавамуру нар японы цагаачид байсан ба чихрийн нишингийн талбайд ажилладаг байв. Хавайо Кавамуру сургуулиа төгссөний дараа нэгэн чинээлэг айлд зарцаар ажиллаж байв. Тэнд өөрийн ирээдүйн нөхөр Саичи Такататай танилцсан байна. 1917 оны 3-р сард тэд гэрлэж хоёр охинтой болов. 1930 онд Саичи Таката хүндээр өвдөөд удалгүй нас баржээ. Дараагийн хэдэн жил Хавайо Такатагийн хувьд хүнд жилүүд байлаа. Гэр бүлээ тэжээхийн тулд хүнд хүчир ажил хийж байснаас болж мэдрэлийн ядаргаанд орж эрүүл мэнд нь ч муудсан байна. 1935 онд түүний эгч нас барахад тэрээр Япон явж эцэг эхдээ хэл дуулгах, мөн далимд нь биеэ эмчлүүлэхээр шийджээ. Японд Хавайо Таката доктор Хайашигийн эмнэлэгт хэвтэж тэнд 4 сар эмчилгээ хийлгэсний үр дүнд бүрэн эдгэрсэн байна.Рэйкийн арга түүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлж, өөрийн эрүүл мэндээ дэмжихийн тулд түүнийг сурахаар шийджээ. Тэр жилдээ доктор Хайаши Хавайо Такатад Рэйкийн нэгдүгээр шатны ван өгч, харин 1937 онд хоёрдугаар, жилийн дараа Рэйкийн Мастерийн ван өгчээ.Гавайд эргэж ирээд Таката Рэйкийн эмнэлэг байгуулсан ба түүний цаашдын амьдрал энэ эмнэлэгтэй холбогджээ. Үүний зэрэгцээ тэр АНУ болон Канадад семинар явуулж байлаа.1970 оноос Хавайо Таката Рэйкийн мастер бэлтгэх ажилдаа бэлдэж эхэлсэн байна. Тэрбээр 22 мастер багшийг сургажээ: Джорж Араки, Дороти Баба, Урсула Бэйлоу, Рик Бокнер, Патрисия Боулинг Юинг, Барбара Браун, Фрэн Браун, Филлис Лей Фурумото, Бет Грей, Джон Грей, Ирис Ишикуро, Гарри Кубой, Этель Ломбарди, Барбара МакКаллоу, Мэри МакФэйден, Пол Митчел, Бетел Фэй, Шинобу Сайто, Вирджиния Самдахл, Ваня Тван, Барбара Вебер Рэй, Кэй Ямашита.1980 оны 12-р сард Хавайо Таката нас барсан ч эхлүүлсэн ажлыг нь түүний сурагчид үргэлжлүүлсэн байна. Одоо доктор Усуин аргыг дэлхий даяар мянга мянган Мастерууд дэлгэрүүлж байгаа билээ.



tursun.mn